“Амьсгалах эрх” төслийн хүрээнд “Монголын  байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, “Пипл Ин Нийд” ТББ, “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчин зураглалын төв” ТББ-ууд хамтран 2019 оны 11-р сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хорооны “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-д байрлаж буй “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник-технологийн мэдээллийн төв”-д иргэдэд нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 “Амьсгалах эрх” төсөл нь агаарын бохирдлын тухай мэдээллийн хүртээмжтэй системийг бүрдүүлж, агаарын бохирдлын талаар явуулж буй Засгийн газрын үйл ажиллагааны ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилготой юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах болон агаарын бохирдолтой тэмцэхэд оруулах хувь нэмрийн талаар зөвлөгөө өгч, том хүн, хүүхдийн зориулалттай олон дахин ашиглах амны хаалтыг үнэ төлбөргүй тараалаа. Мөн амны хаалт хэрхэн зөв хэрэглэх талаарх зааварчилгаа гарын авлага, төслөөс хийж буй ажлуудын талаарх номыг иргэдэд өгсөн.

Хэлэлцүүлгийн үеэр Европын холбоо болон АНУ-ын Элчин сайдын санхүүжилттэй хэрэгжиж буй “Амьсгалах эрх” төслийн хүрээнд олон нийтийн дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх олон талын оролцоотой хийж буй ажил, үр дүнгийн талаар иргэдийн төлөөлөл болон бодлого хэрэгжүүлэгч нартай нээлттэй ярилцсан.

Мөн тус “Мэдээллийн төв”-өөр дамжуулан гэр хорооллын иргэдэд халаалтийн дэвшилтэт шийдлүүд, ногоон зээл, дулаалгын материал, сайжруулсан зуух-түлшний талаар өдөр тутам үнэ төлбөргүй мэдээлэл өгч, сургалт зохион байгуулан, эрсдэлгүй хэрэглээ-дадал хандлагыг төлөвшүүлэх, нөлөөлөх ажлуудыг өдөр тутам зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд ОББҮХ-ны Ажлын албаны ахлах мэргэжилтэн н.Гүнбилэг “Агаарын бохирдол ба түүний эсрэг авч буй арга хэмжээ, үр дүн”-ийн талаар, “Амьсгалах эрх” төслийн менежер н.Оюунгэрэл “Амьсгалах эрх төсөл”-ийн талаар, “Жэрэс” ОУТББ-ын санхүүгийн зохицуулагч Т.Уламбаяр “Дулаан шийдэл төсөл”-ийн талаар, “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчин зураглалын төв” ТББ-ын менежер н.Батдорж “Агаарын бохирдолд өртөж буй зураглал”-ын талаар тус тус илтгэл тавьж, иргэдтэй чөлөөт ярилцлага өрнүүллээ. СБД-ийн 11,12,13,14,15,16,17,18,19,20-р хороодын зарим засаг дарга, хэсгийн ахлагчид, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж өдөрлөг, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо.

Өдөрлөгийн  үеэр “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник-технологийн мэдээллийн төв”-д “Амьсгалах эрх” зургийн үзэсгэлэн 2 өдөр ажилласан.